Биений юмны үйл ажиллагааны алдагдал

Биений юмны хэвийн үйл ажиллагаа мэдрэл-дотоод шүүрлийн зохицуулалтын дор явагддаг.Үүнд тухайлбал  их тархины гадар,харааны товгор, өнчин тархи, өндгөвч, умай гэсэн дараалсан зохицуулгаар биений юмны үйл ажиллагаа явагддаг. Эдгээр зохицуулгын янз бүрийн түвшинд алдагдал үүсэхэд умайн цус алдалтаас эхлэн биений юм ирэхгүй байх хүртэл биений юмны мөчлөгийн хямрал гарна. Биений юмны мөчлөгийн алдагдлын нөлөөгөөр эмэгтэйн нөхөн үржихүйн ажиллагаа болон хөдөлмөрлөх чадвар буурна. Үүнээс гадна энэхүү алдагдлын зарим хэлбэрүүд умайн салстын өмөнгийн урьдал өвчин болон өмөн үүсэхэд нөлөөлнө. Олон янзын шалтгаанууд биений юмны ажиллагааны алдагдалд оруулна. Үүнд:

  1. Сэтгэхүйн хүчтэй хямралууд , сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүд
  2. Хоол тэжээлийн хямралууд, витамин дутагдал,янз бүрийн гаралтай таргалалт
  3. Мэргэжлийн хортой нөлөө, химийн зарим бодис, цацраг туяаны нөлөөлөл
  4. Халдварт ба үжилт өвчнүүд, заг хүйтэн, сүрьеэ, шимэгчээр үүсгэгдэх бусад өвчнүүд
  5. Зүрх судасны болон цусны тогтолцооны, элэгний өвчнүүд
  6. Эмэгтэйчүүдийн мэс заслууд
  7. Шээс бэлгийн замын гэмтлүүд\ цоорхой\
  8. Бэлгийн бойжлын үе дэхь харааны товгор-өнчин тархины хэсэгт гарах насны өөрчлөлтүүд
  9. Цэвэршилтийн үеийн харааны товгорт гарах хөгжлийн өөрчлөлтүүд зэрэг өөрчлөлтөөс болж биений юмны үйл ажиллагаа алдагдана.
Биений юмны үйл ажиллагааны алдагдал нь мэдрэл-дотоод шүүрлийн зохицуулалтын ямар түвшинд болон бэлэг эрхтэний тогтолцооны ямар эрхтэнд аль хир алдагдал гарснаас хамаарч янз бүрээр илэрнэ. Ийм учраас цус алдалт, биений юмгүйдэл янз бүрийн өвчний шинж тэмдэг биш, харин бүхэл бүтэн эмгэг процессын гадаад илрэл юм.

Биений юмны үйл ажиллагааны алдагдал эмэгтэйн амьдралын янз бүрийн насны үеүдэд, тухайлбал бэлгийн бойжилтын хугацаанд, нөхөн үржихүйн насны үед, цэвэршилтийн насанд үүсч болно. Илрэх шинж тэмдгээс нь хамааруулж 3 үндсэн бүлэгт хуваана.
  1. Биений юмгүйдэл, биений юм хомсдох
  2. Цус алдалттай биений юмны мөчлөгийн хямрал
  3. Биений юм өвдөлттэй ирэх