Бэлэг эрхтний үү

Үүсгэгч

Энэ өвчний үүсгэгч нь хүний папилома вирус юм. Нууц үе нь 1-9 сар, дунджаар 3 сар. Бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Вирус хүний биед зөвхөн арьс, салст бүрхүүл дээрх тууралтад агуулагдах ба арьсны гүн давхраа руу нэвтрэх чадваргүй байдаг. Тиймээс энэ өвчин цусаар дамжин халдварлах боломжгүй юм. Харин бэлэг эрхтний салстаар мөн эхсээр нэвтрэн орж чадах тул эхийн хэвлийд байгаа хүүхдэд аюул учруулдаг. Иймд гол нь бэлгийн замаар мөн төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдварлагдаж болно.

Шинж тэмдэг

Бэлэг эрхтэн дээр үү маягийн ургацагууд ганц нэгээрээ байж болох хэдий ч ихэнх тохиолдолд олноор ургадаг бөгөөд улмаар цэцэгт байцаа эсвэл тахианы залаатай төстэй болтлоо томордог. Эрэгтэй хүний шодой, хуухнаг, шодойн үзүүр хэсэг, хошного, шээсний сүвний эргэн тойрон, эмэгтэй хүний бэлгийн уруул, үтрээний хана, умайн хүзүүн дээр зөөлөн үү гардаг. Зармдаа үү нь маш жижигхэн, аяндаа алга болдог тул оношлогддоггүй. Шээх, бэлгийн хурьцал үйлдэх үед өвдөх, хөндүүрлэх, эвгүй үнэртэй ялгдас гарах, цус шүүрэх, загатнах, хорсох зэрэг зовиур гарч болно. Бэлэг эрхтний үү маш хурдан үрждэг тул аль болох эртхэн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Бэлэг эрхтний үүг янз бүрийн түрхлэг болон мэс заслын аргаар авч болдог ч дахих хандлагатай байдаг. Биеийн эсэргүүцэл сул бол дахих нь элбэг. Папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд бэлэг эрхтний үүтэй эмэгтэйчүүд 6 сар тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Хүний папиллома вирусийн халдвар нь мөн үтрээ, бэлгийн уруул, шодой, шулуун гэдэсний хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй нь батлагдсан байна.

Үр дагавар

Умайн хүзүү, үтрээ, шодой, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.