Биений юмгүйдэл

Огноо: 2012-02-15       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 5853    


Биений юм 6 сар ба түүнээс дээш хугацаанд ирэхгүй байхыг биений юмгүйдэл гэнэ. Мөн биений юм хомсдох хам шинж гэж байна. Үүнд гарах цусны хэмжээ багасах, биений юмны цус гарах хугацаа богиносох, хааяа биений юм жилдээ хэдхэн удаа ирэх зэргээр илэрнэ.

Биений юмгүйдэл нь хуурамч ба жинхэнэ гэж байдаг. Өөрөөр хэлбэл биений юмны үйл ажиллагаа хэвийн явагдах боловч биений юмны цус гадагшаа ялгарч гарахгүй. Үүний гол шалтгаан нь охин хальс төрөлхийн битүү байх мөн умайн хүзүүний суваг, үтрээ наалдацтай байснаас цус гадагшаа гарахгүй үтрээнд хуримтлагдах, умайгаас гуурсан хоолой руу дамжин хэвлийн хөндий рүү орно. Үүнийг хуурамч биений юмгүйдэл гэдэг.

Биений юм огт ирэхгүй \жинхэнээр\ байхад тархины болон дээд зохицуулгын тогтолцоонд бүх биед мөчлөгт өөрчлөлтүүд явагдахгүй, биений юм ирэхгүй. Биений юм жинхэнээр ирэхгүй байх нь физиологийн болон эмгэг байж болно.

Биений юм физиологийн байдлаар огт ирэхгүй байх тохиолдол:

  • Бэлгийн бойжлын үедээ байгаа охидод
  • Хөхүүл байх хугацаанд
  • Жирэмсэн байх хугацаанд
  • Цэвэршилтийн дараах үед зэрэгт биений юм ирэхгүй.

Энэ бол хэвийн физиологийн өөрчлөлт юм. Харин биений юм эмгэгээр огт ирэхгүй байх нь олон шалтгаантай. Тухайлбал: бие махбодын, төв мэдрэлийн системийн янз бүрийн хэсгийн, умайн, өндгөвчийн, зах хязгаарын дотоод шүүрлийн булчирхайн хүнд явцтай өвчнүүд, бодисын солилцооны алдагдал зэрэг нь биений юм эмгэгээр ирэхгүй байх шалтгаан болдог.

Эмгэгээр биений юм огт ирэхгүй байхыг анхдагч ба хоёрдогч гэж 2 хэлбэрт хуваадаг

1. Биений юм 15-16 нас, түүнээс дээш насанд ирэхгүй байхыг анхдагчаар биений юм ирэхгүй эмгэг гэж үздэг. Энэ нь харьцангуй ховор тохиолдох боловч биений юмны ажиллагааны нэн хүнд алдагдал юм. Биений юм анхдагчаар ирэхгүй байгаа нийт өвчтөний 50-60% нь бэлэг эрхтний хөгжлийн гажиг, хромосомын эмгэгээс шалтгаалдаг. Хромосомын гажгаас хамаарч гадна бэлэг эрхтэн дутуу хөгжилтэй, умайгүй эсвэл гуурсан хоолой байхгүй, үтрээ мухар төгсгөлтэй, өндгөвч байхгүй, эсвэл бэлэг эрхтний холимог бүтэцтэй зэрэг шинжүүдээр илэрнэ. Мөн эх нь жирэмсэн үедээ жирэмсний хүнд хэлбэрийн хордлоготой байсан, хүүхэд ахуй насандаа хавдар ба сүрьеэгээр хүнд өвдсөн тохиолдол нөлөөлж болно. Үүнээс гадна тархины хавдартай, архаг тархи нугасны үрэвсэлтэй охидод биений юм анхдагчаар ирэхгүй байж болдог. Мөн умайн салстын төрөлхийн эмгэг өөрчлөлтөөс болж биений юм анхдагчаар ирэхгүй байж болно.

2. Биений юм нэг удаа ч гэсэн ирж байснаа ирэхгүй болохыг хоёрдогчоор биений юм ирэхгүй болох гэнэ. Энэ хэлбэрийн биений юмгүйдэл ихэвчлэн бэлгийн хөгжлийн үедээ байгаа эмэгтэй болон анхны биений юм ирсний дараахан үүсдэг.

Биений юмгүйдэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлст:

  • Ерөнхий ба бэлэг эрхтний гажиг
  • Хүүхэд ахуйн болон өсвөр насанд өвчилсөн өвчнүүд (сүрьеэ, вирусын халдварууд)
  • Хэт ядаргаа, сэтгэхүйн хүчтэй урвалууд
  • Эрхтэн тогтолцооны дутуу хөгжил зэрэг нөлөөлнө.

Сүүлийн жилд 14-18 насны охид таргалахаас зайлсхийн идэх хоолоо эрс багасгах хандлага гарч байгаагийн улмаас биений юм ирэхгүй болох тохиолдол гарч байна. Идэх хоолоо эрс багасган, хэт ачаалалтай ажиллан, туулга эм хэрэглэснээс биеийн жин мэдэгдэхүйц буурч, хоол идэх дургүй болж цаашдаа биеийн жин мэдэгдэм багасаж мэдрэлийн гаралтай хоолонд дургүй болох шинж илэрнэ. Ийнхүү үүссэн өвчин сэдрэн дахих явцтай байдаг.

Үүнээс гадна өнчин тархины булчирхайлаг эдийн гэмтлээс болж биений юм хоёрдогчоор ирэхгүй болж болно. Халдвар, сүрьеэ, тэмбүү бусад халдварт өвчний нөлөөгөөр өнчин тархины булчирхайлаг хэсэг гэмтэж бүтцээ алдсаны улмаас биений юм ирэхгүй. Энэ эмгэгийн үед бодисын солилцоо багасан хэт эцэж турах, бэлэг эрхтэн хатингартах, цус багадах, бамбай ба бөөрний булчирхайн ажиллагаа буурах, биений юм ирэхгүй байх шинжээр илэрнэ.

Өндгөвчийн гаралтай биений юмгүйдэл гэж байна. Үүнд:

  1. Өндгөвч цагаас өмнө дутагдлын үед /эрт цэвэршилт/ өндгөвчийн үйл ажиллагаа эрт буурна. 30-35 насанд цэвэршилт илэрнэ.
  2. Өндгөвчийн хатуурал-уйланхайтай үед биений юм хэвийн ирдэг эмэгтэйд биений юм ирэхгүй болно. Таргална, үргүйднэ, хэт нөсөөтнө, өндгөвчүүд томорч хатуурна.
  3. Өндгөвчийн андроген дааврын хавдартай үед эмэгтэй хүнд эхлээд үсжих шинж илэрч байснаа эрэгтэй хүн шиг булчинжина.
  4. Өндгөвчийн эдэд цацраг туяагаар үйлчилж гэмтээснээс ба өндгөвчийг мэс заслаар авсны дараа биений юмгүйдэл үүснэ.

Хоёрдогчоор биений юмгүйдэх нь мөн умайн салстын сорвижилтоос, умайг мэс заслаар авсны дараа биений юм ирэхгүй. Биений юмгүйдэл нь биеэ даасан өвчин биш, иймээс үндсэн өвчнийг эмчилж байж эдгэрнэ.

Оношлохдоо өвчтөнөөс асуулга сайн авах, бие бялдрын хөгжилд анхаарах, бэлгийн хоёрдогч шинж тэмдэг хэвийн эсэх, эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг хиих, морфологийн, биохимийн, гэрлийн, дотоод шүүрлийн, генетикийн шинжилгээний аргуудыг ашиглаж оношлоно. Эмчилгээнд биений юмгүйдлийг нөхцөлдүүлж байгаа үндсэн өвчний эсрэг эмчилгээ хийнэ.

  • Органик гэмтэл тухайлбал хавдар байхгүйг оношилсны дараа эмэн эмчилгээ хийнэ.
  • Төвийн гаралтай өөрөөр хэлбэл тархины үйл ажиллагааны мэдэгдэхүйц алдагдлын шинж бүхий биений юмгүйдэлтэй өвчтөнд амралтыг зөв зохицуулах, хооллох, биеийн тамираар хичээллүүлэх, цаг уурын эмчилгээ хийх илүү ашигтай.
  • Таргалсан байвал хоолны найрлаганд орох илчлэгийн хэмжээг эрс багасгана.
  • Физик эмчилгээг витамин эмчилгээтэй хавсруулан хийнэ.
  • Өндгөвчийн үйл ажиллагааны дутагдалтай үед даавар эмчилгээг хийнэ.
  • Мэдрэлийн гаралтай хоолонд дургүй болсон үед мөн сэтгэхүйн биений юмгүйдэлтэй байхад сэтгэл засал эмчилгээ хийнэ.
  • Хүнд явцтай халдварт өвчнүүдээс үүссэн биений юмгүйдэл нь үндсэн өвчнийг эмчилж, эрүүлжсэний дараа тусгайлсан эмчилгээ шаардагдахгүйгээр засардаг.
  • Бэлэг эрхтний сүрьеэн гаралтай биений юмгүйдлийн үед мөн үндсэн өвчнийг эмчилнэ.
  • Умайн хөндийн салстын наалдацаас биений юм ирэхгүй байвал наалдацыг багажийн тусламжтай салгаж дахин наалдац үүсэхээс сэргийлж умайн хөндийд түр хугацаагаар ерөндөг тавьж эмчилнэ.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2150862
Өнөөдрөөр : 324
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг