Мастопати (fibrocystic mastopathy, fibrocystic breast changes)

Огноо: 2015-10-06       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 1818    


Мастопати нь тухайн эмэгтэйн дааврын тогтолцооны болон хөхний эдийн эрүүл биш байгааг илэрхийлэх биомаркер болж өгдөг. Мастопатийн 66-85%нь эмэгтэйчүүдийн бусад эмгэгүүдтэй хавсарч тохиолдоно. Жишээ нь: БЮ хэт эрт ба хожуу ирэх, умайн хоргүй хавдар, аденомиоз, умайн салстын хэт зузаарал, өндгөвчийн эмгэгүүд, үргүйдэл гэх мэт.

Хөхний эмгэгээр өвдөх магадлал 30-40 насныханд эрс нэмэгддэг. Эрдэмтдийн үзэж буйгаар мастопатийн өөрчлөлттэй эмэгтэйчүүдийн хөхний өмөнгөөр өвчлөх магадлал нь 4-37 дахин ихэсдэг гэж үзсэн байна. АНУ, Англи, Орос, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй, хөгжингүй орнуудад хөхний эмгэгийн өвчлөл өндөр байдаг.

Мастопати үүсэх үндсэн шалтгаан нь хүний бие махбодын дааврын өөрчлөлт, дотоод шүүрлийн эрхтнүүдийн үйл ажиллагааны хямрал юм.

Нөлөөлөх хүчин зүйл:

  • Хэт эрт болон хожуу биений юм ирэх
  • Хэт эрт болон хожуу цэвэрших
  • Олон удаа үр хөндөлт хийлгэх
  • Хожуу төрөлт
  • Үргүйдэл
  • Дааврын эмүүд удаан хугацаагаар хэрэглэх
  • Стресс
  • Тогтмол бэлгийн харьцаагүй байх болон огт бэлгийн харьцаанд орохгүй байх
  • Буруу хооллолт, хэт таргалалт
  • Архи, тамхи хэрэглэх
  • Ахуйн болон үйлдвэрийн хортой нөхцөл, туяаны нөлөө
  • Эмчийн зааваргүйгээр дааврын эм болон дааврын нөлөөлөл бүхий ургамал, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх
  • Бусад дотоод шүүрлийн эмгэгүүд
  • Нарны хэт ягаан туяаны нөлөө чээжний болон хөхний гэмтэл г.м.

Мастопатийг

  1. Тархмал (50-60%)- (булчирхайлаг эд давамгайлсан, холбогч эд давамгайлсан, холимог хэлбэрийн)
  2. Зангилаат (20-30%) гэж 2 ангилдаг.

Шинж тэмдэг:

Биений юм ирэхээс өмнө хөхөөр битүү янгинаж өвдөх ба халуу оргиж дүүрч, унжиж өвдөнө. Хөхөнд эмзэг хэсгүүд бий болж хатуурна. Хөхний толгойноос ногоон, цусархаг, салиархаг ялгарал гарна. Эмэгтэйчүүдийн 10-15%-д нь өвчин илэрдэггүй боловч хатуу хэсгүүд тэмтрэгдэх, хөх эмгэгээр томорно.

Оношилгоо:

  • Урьдчилан сэргийлэх үзлэгээр (хөхөө өөрөө шалгах болон эмчийн)
  • Маммографи (Урьдчилан сэргийлэх зорилгоор 35-аас дээш насанд 2 жилд 1 удаа, 50-аас дээш насанд жилд нэг удаа хийлгэнэ)
  • Хөхний эхо шинжилгээ
  • Дааврын шинжилгээ
  • Эд, эсийн шинжилгээг хөхний үүсгэвэрээс болон хөхний ялгаралаас хийж үзнэ.
  • Хөхний эхо болон маммографийн шинжилгээг биений юмны мөчлөгийн 6-12 дахь хоногт хийнэ.

Эмчилгээ:

Эмчилгээг хийхдээ эхлээд мастопати үүссэн үндсэн шалтгааныг тодруулж, эмгэгийг эмчлэн ажиглана. Ер нь мастопатийн хэлбэрүүдийн үед мэс заслын эмчилгээ хийхийг яардаггүй, харин зангилаат хэлбэрийн мастопатийн үед оношилгооны зорилгоор хэсэгчилсэн тайралт хийх тохиолдол байдаг. Эмийн эмчилгээнд голдуу үндсэн шалтгааны эсрэг дааврын эмүүд эмчийн заалтаар хэрэглэхээс гадна стеройдын бус үрэвслийн эсрэг эм, бага тунтай иодын бэлдмэл, А, В, К аминдэм, фолийн хүчил, антиоксидантууд түүн дотроо ß-каротин, С, Е аминдэм, байгалийн гаралтай фосфолипид, селен, цайр зэргийг удаан хугацаагаар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэлт:

  • Хөхний даруулгыг зөв сонгох
  • Хоолны дэглэм барьж, зөв хооллох
  • Хэт таргалалтаас сэргийлэх
  • Стрессээс өөрийгөө чөлөөлөх
  • Ажил амралтын дэглэмээ зөв зохион байгуулах
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
  • Хүүхдээ 1 жилээс дээш хугацаагаар хөхүүлэх
  • Хөхөө өөрөө тогтмол шалгаж сурах
  • Байгалийн гаралтай аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрэглэх
  • Архи хэрэглэхгүй байх
  • Тамхи татахгүй байх
  • Анхны төрөлтөө хожуу төрөхгүй байх
  • Үр хөндөлтөөс сэргийлэх

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 248
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг