Умайн үйл ажиллагааны гаралтай цус алдалт

Огноо: 2012-02-15       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 7521    


Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоогүйгээр умайгаас цус алдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг ирээгүй байхад эсвэл ирсний дараа умайгаас цус алдахыг умайн үйл ажиллагааны гаралтай цус алдалт гэнэ. Шалтгаан нь олон янз бөгөөд үүнээс дааврын зохицуулга алдагдсанаас ихэвчлэн үүсдэг.

Насны ангиллаар:

  1. Охидын
  2. Нөхөн үржихүйн насны
  3. Цэвэршилтийн үеийн гэж 3 хуваана.

Охидын цус алдалт нь эмэгтэйчүүдийн өвчлөлийн дотор цөөнгүй тохиолдох эмгэгийн нэг юм. Анхны сарын тэмдэг үзэгдсэнээс хойш тогтмол ирж байснаа алдагдаж их хэмжээгээр олон хоног доошоо цус гарна.

Цус их хэмжээтэй гарснаас цус багадалтанд орж, хөл гар хөрөх, ядрах шинж тэмдэг илэрнэ. Оношлохдоо зовуурь, бодит үзлэг, ЭХО шинжилгээгээр оношлоно. Эмчилгээнд дааврын эмээр цус тогтоох, цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийнэ. Хэрэв охидод сарын тэмдэг их хэмжээгээр цус алдах байдлаар ирсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Нөхөн үржихүйн насны умайн цус алдалт элбэг тохиолддог эмгэгийн нэг юм. Шалтгаан нь олон янз. Ихэвчлэн дааврын зохицуулга алдагдсанаас сарын тэмдгийн дунд үед цус алдана. Умайн хоргүй болон хортой хавдрууд, умайн салстын хэт зузаарах эмгэг, үр хөндөлт болон зулбалтын дараа ихэс үлдсэнээс, умайн хөндийн ургацаг, умайн гадуурх жирэмслэлтийн зэргээс ялган оношлуулах хэрэгтэй. Оношлохдоо зовуурь, бодит үзлэг, эхо-оор оношилно. Эмчилгээнд цус тогтоох эмийн эмчилгээ болон эмчилгээ оношилгооны зорилгоор умайн хөндийг цэвэрлэж эдийн шинжилгээ авна.

Цэвэршилтийн үеийн цус алдалт гэдэг нь 45-аас дээш насанд буюу цэвэршилт явагдсаны дараа доошоо цус алдахыг хэлнэ. Цэвэршилтийн насанд цус алдах нь ямар нэгэн хавдрын суурь болдог тул онцгой анхаарах хэрэгтэй. Иймээс мэргэжлийн эмчид хандаж оношийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Эмчилгээ болон оношилгооны зорилгоор умайн хөндийг цэвэрлэх эмчилгээ хийнэ. Мөн дааврын эмээр цус тогтоох, цус төлжүүлэх, дархлаа сайжруулах эмчилгээ хийнэ. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2150862
Өнөөдрөөр : 486
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг