Жирэмслүүлэхгүй байх зорилгоор умайн хөндийд байрлуулдаг янз бүрийн хэлбэр хэмжээ, бүтэц найрлагатай гадны биетийг ерөндөг гэнэ. Ерөндөг нь даавартай, металл агуулсан (алт, зэс, мөнгө) мушгиа, цагариг, цэцэг, гурвалжин, шүхэр, гогцоо, чагт гэх мэт маш олон янзын хэлбэртэй 100 гаруй төрлийн ерөндөг байдаг. Манай улсад "Т" хэлбэрийн ерөндөг түгээмэл хэрэглэдэг. Сүүлийн үед зэс агуулсан "Т" хэлбэрээс гадна мөнгө, алт агуулсан ерөндөг нэлээд түгээмэл хэрэглэж байна. Энэхүү спираль нь 36 мм урттай, хоёр утастай байдаг бөгөөд ерөндгийг тавихдаа хожим авах болон хяналтын журмаар жижигхэн утасны үлдэц үлдээдэг. Ерөндөг нь зэс, мөнгө, алт гэх мэт байгалийн металлууд агуулсны учир нь тэдгээр металлууд хүний биед үүсэх үрэвслийн процессыг бууруулах төдийгүй эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг. Даавар агуулсан ерөндгийг жирэмснээс хамгаалахаас гадна эмчилгээний зорилгоор тавина. Т ерөндөг нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой байдаг бол охидын ерөндгийг залуу охид бүсгүйчүүд, төрөөгүй болон кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд тавих нь илүү тохиромжтой байдаг.
Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргууд маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонговол сайн. Сонголтоо хийхдээ давуу болон сул талын талаар ойлголттой болохын тулд эмчээсээ сайтар лавлаж асууна уу. Эмч бол туслах, чиглүүлэх үүрэгтэй болохоос биш тэр аргыг л хэрэглэ энэ аргыг л сонго гэж хэлэх эрхгүй. Умайн ерөндөг нь жирэмслэлтээс 95% найдвартай хамгаалдаг. Тавиулснаас хойш улирал тутамд эмчид үзүүлж хянуулж байх хэрэгтэй.
.jpg)

Үйлчлэх механизм
Умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулна, өндгөн эсийн амьдрах хугацааг бууруулна, үр хөврөл умайн салстад бэхлэгдэхийг саатуулдаг, өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг
Давуу тал: Өндөр үр дүнтэй, удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалдаг (3-5 жил), өдөр бүрийн хяналт шаардлагагүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ, бэлгийн харьцаанд нөлөөлөхгүй.
Сул тал:
БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй, ерөндөг нь умайгаас унаж болно, үтрээ болон бага аарцгийн хөндийн үрэвсэлтэй үед ерөндөг тавиулснаас үрэвсэл сэдрэх, ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болно, эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар, бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч болно, биений юмыг байнга их хэмжээтэй ирүүлснээс архаг цус багадалтанд хүргэнэ.
Ерөндгийг хэзээ тавиулах тохиромжтой хугацаа: Сарын тэмдгийн 3-5 дахь хоногт тавина.
Хэрэглэж болохгүй тохиолдол: Жирэмсэн байж болзошгүй, умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа, бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй буюу уг өвчин сэдэрсэн, умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай, үтрээний үрэвсэлтэй бол.
Ерөндөг тавиулсны дараах 7 хоногт хориглох зүйлс:
- Бэлгийн харьцаанд орох, гүйж харайх, хүнд юм өргөх, фитнесийн хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийх, ванн, саун, бассейнд орох (шүршүүрт орж болно).
Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ирж зөвлөгөө аваарай.
- Биений юм саатах
- Биений юм удаан хугацаагаар үргэлжлэх, цус их хэмжээгээр гарах, биений юмны хооронд цусархаг зүйл үзэгдэх,
- Бэлгийн хавьтлын үед өвдөх, үтрээнээс хэвийн биш ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах,
- Утас тэмтрэгдэхгүй, богиноссон эсвэл уртассан байвал.
Умайн ерөндөг нь биеийн хүчний хөдөлмөр, хөдөлгөөн, умайн бүтцийн олдмол анатомын өөрчлөлтөөс шалтгаалан доошлох, хүзүүвч хэсэг болон умайн хүзүү рүү орж ирэх улмаар унаж жирэмснээс хамгаалах магадлал буурдаг.
ЕРӨНДӨГ ХЭРЭГЛЭХ ҮЕД ГАРЧ БОЛОХ ХҮНДРЭЛҮҮД ЮУ ВЭ?
Хамгийн түгээмэл илэрдэг гол хүндрэлүүд бол өвдөлтийн хам шинж, цус алдалт, бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин, ерөндөг гадагш унах зэрэг болно.
ӨВДӨЛТИЙН ХАМ ШИНЖ
Биеийн юмны хооронд болон сарын тэмдэг ирэх үед 9-11 %-д нь өвдөлт ажиглагдана. Энэ нь өвчин намдаах эмүүдэд ихэнхдээ намддаг. Хэрвээ өвдөлт хүчтэй, тогтмол шинжтэй байвал ерөндөг умайн хэмжээтэй тохироогүй, умай гэмтэж, цоорсон байж болзошгүй юм. Өвдөлт халууралттай хосолсон бол үрэвслийн процесс буйг илтгэнэ.
ЦУС АЛДАЛТ
Ерөндөг хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийн биений юмны үед гарах цусны дундаж хэмжээ нь 30-80 мл байдаг. Ерөндөгтэй эмэгтэйчүүдийн 11-24%-д биений юм их хэмжээтэй ирэх, өвдөлттэй ирэх байдлаар биеийн юмны мөчлөг алдагдана. Зэс агуулсан ерөндөг хэрэглэх үед эхний 6-12 сар биений юмны үед гарах цусны хэмжээ 20-50% ихэсдэг бөгөөд цаашид гарах цусны хэмжээ тогтворжино. Ерөндгийг буруу тавих, умайн хөндий ерөндгийн хэмжээтэй үл тохирох, ерөндөг хэсэгчлэн гадагшлах, ерөндөгтэй жирэмсэн зулбах, умайн гадуур жирэмслэх, эндометрит, бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин. Ихэнх эмэгтэйчүүдэд ерөндгийг авсны дараа биений юмны мөчлөг хэвийн болдог.
БАГА ААРЦГИЙН ЭРХТНИЙ ҮРЭВСЭЛТ ӨВЧИН
Суурь архаг үрэвсэлт өвчтэй болон бэлгийн замын халдвар авч байсан эмэгтэйчүүд ерөндөг тавиулсны дараа үрэвсэлт өвчнөөр өвддөг. Ихэвчлэн умайн гуурсан хоолой, өндгөвч, умайн салстын үрэвсэл үүсдэг. Ерөндгийн улмаас үүссэн хурц үрэвсэлт өвчин нь хүнд явцтай байх бөгөөд морфологи өөрчлөлт тод илэрдэг. 1/2 нь умайн гуурсан идээт үрэвсэл, өндгөвчийн идээт үрэвсэл, 1/3 нь умайн салстын идээт үрэвсэл, 1/10 умайг тойрсон өөхлөг эдийн үрэвсэл хавсарна. 2 өвчтөн тутмын нэгд бага аарцгийн үрэвслээр хүндэрнэ.
ЕРӨНДӨГ ГАДАГШ УНАХ
Ерөндөг гадагшлах нь залуу төрөөгүй эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох бөгөөд гиперпростагландинeмын улмаас умайн агшилт ихэссэнтэй холбоотой юм. Энэхүү гадагшлалт нь ерөндгийн хэлбэрээс хамаарах бөгөөд зэс агуулсан ерөндөг хэрэглэх үед 5,8-16,2%, Мирена хэрэглэх үед 2,9-6,5%-д тохиолдоно. Ихэнхдээ ерөндөг тавьснаас хойш эхний өдөр эсвэл 1-6 сарын дотор гадагшилдаг.
ЕРӨНДӨГ УМАЙН БУЛЧИНД ШИГДЭХ
Ерөндгийг удаан хугацаагаар хянуулахгүй явах мөн хэрэглэх хугацаанаас хэтрүүлэн удаан жилээр ерөндөгтэй явахад умайн хананд шигддэг.