ТРИХОМАНИАЗ

Огноо: 2021-12-05       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Трихомониаз нь трихомонас вагинас гэж нэрлэгддэг нэг эст эгэл биетээр үүсгэгдэж, шээс бэлгийн замыг өвөрмөцөөр гэмтээн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм.

Эмэгтэй хүнд трихомониаз нь үтрээний үрэвсэл, умайн хүзүүний үрэвслээр илэрдэг. Бэлгийн замаар дамжин халдварлана. Трихомониаз өвчний үүсгэгч нь зөвхөн хучуур эсийг гэмтээдэг ба эрэгтэйд шээсний сүв рүү нэвтрэн орж салст бүрхүүлийн хучуур эсэд бэхлэгдэн цааш түүний булчирхай болон хөндийд орно. Трихомониаз нь шээс бэлгийн замын эрхтэнд орсноор үрэвсэл үүсгэх эсвэл ямарч өөрчлөлт өгөхгүй шинж тэмдэг илэрдэггүй. Халдвар авснаас хойш дунджаар 5-15 хоног нууц хугацаа үргэлжилнэ. Нууц хугацаа гэдэг нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй хугацааг хэлнэ.

ШИНЖ ТЭМДЭГ:

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ихэнхдээ шинж тэмдэг тод илэрдэг ба үтрээний хурц үрэвсэл үүссэн үед их хэмжээний ногоовтор болон шаргал өнгийн, эвгүй үнэртэй хөөсөрхөг ялгадас гарна. Ялгадас нь гадна бэлэг эрхтнийг үрэвсүүлдэг тул бэлэг эрхтний ойр орчим загатнах, хорсох, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ялгадас их хэмжээгээр гарснаас үтрээний хана нэлэнхүйдээ улайж үрэвсэж, бэлгийн их бага уруулууд, тэр ч байтугай гуяны дотор талын арьс үрэвсэж гэмтдэг. Нэлээд хүндэрсэн тохиолдолд умайн хүзүү үрэвссэнээс бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гардаг. Халдвартай эмэгтэй жирэмсэлсэн тохиолдолд шинж тэмдэг нь улам тодорно.

ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Ховор тохиолдолд шээсний сувгаас ялгадас гарах, шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг зовуурь илэрнэ. Трихомониазын гаралтай шээсний сувгийн үрэвсэл нь эрэгтэйчүүдэд хурц хэлбэрээр илрэх нь бага ба илэрвэл шинж тэмдэг хүчтэй илэрч шээсний сувгийн салст улайж хавагнах, шээсний сувгаас их хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарч шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсох, өвдөх загатнах зовуурь илэрч 1-2 долоо хоногийн дараа ялгадсын хэмжээ багасч, улмаар шинж тэмдэг бүдгэрч архаг хэлбэрт шилжинэ.

АРХАГ хэлбэрийн үед үе, үе дахилт өгөх ба сэдрэх үедээ эмнэлзүйн шинж тэмдэг бага, зарим тохиолдолд шээсний сувгийн арын хэсгийг хамарч тархмал үрэвсэл үүсгэдэг. Энэ үед шээс ойр ойрхон хүрэх, шээсний дараа хүчтэй хатгаж өвдөх, шээсэнд идээ цус илэрнэ. Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, үрийн цэврүү, төмсөг, төмсөгний дайврын үрэвсэл, шээсний сувгийн нарийсалтаар хүндэрнэ.

ОНОШИЛГОО:

Лаборторийн шинжилгээгээр трихомониазийг илрүүлэх ба оношилгоог үр дүнтэй явуулахад шинжилгээний бусад аргуудыг хавсарч хэрэглэх, шинжилгээг боломжтой бол давтан хийх, шинжлэгдэхүүнийг олон голомтоос авах хэрэгтэй. Ямар нэгэн эрсдэлтэй харилцаанд орсон тохиолдолд тухайн өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2243705
Өнөөдрөөр : 997
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг