Ковидын дархлаажуулалттай холбоотойгоор вакцины эхний болон давтан тунгийн дараа биений юм ирэх хугацаанаас хойшлох, ирэх хэмжээ ихсэх, хоног уртсах, биений юмны хооронд цусархаг зүйл багаар гарах гэх мэт шинжүүд түгээмэл илэрч эмнэлэгт хандаж байна.
Мөн цэвэршсэн буюу биений юм зогсоод 1 жил ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн эмэгтэйчүүдэд бага зэрэг цусархаг туяатай шингэн үтрээнээс гарч болно.
Яагаад БЮ өөрчлөгдөж байгаа, шалтгаан
Умайн дотор салст хууларч доош цус болон гарч ирэхийг биений юм гэдэг. Умайн дотор салст маань хүний дархлалын үйл ажиллагаанд оролцдог тул вакцины дараах биед өрнөж буй дархлааны хариу урвалын үр дүнд доош цус гарах, биений юм алдагдах гэх мэт шинжүүд хэсэг хугацаанд илэрч болно.
Ямар үед эмчид заавал үзүүлэх ёстой вэ
Биений юм 7 ба түүнээс дээш хоног ирэх, 20 хоног дотор дахин ирэх, 40 хоноод ирэхгүй байх, хэвлийн доогуур хүчтэй базлах, бэлгийн харилцаанд өвдөлт ихтэй байх, дотор муухайрах, нүд харанхуйлах, гарын хүйтэн хөлс гарах гэх мэт шинж илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй.
Ямар хүмүүст илүү эрсдэлтэй вэ
Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэвлийн базлалт, үтрээнээс доош цус гарах үед яаралтай жирэмсний хяналтын эмчид хандах хэрэгтэй.
Цус багадалттай, умайн хоргүй хавдар буюу миоматай хүмүүст эрсдэлтэй тул биений юм ихээр, олон хоног ирвэл эмчид хандахыг зөвлөж байна. Харин умайн хөндийн ерөндөгтэй үед цус ихээр гарах, хэвлийгээр базалснаас шалтгаалан ерөндөг доошлох магадлалтай.
Умайн хүзүүний эмгэгтэй болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд цус 3 ба түүнээс дээш хоног гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авахыг зөвлөе.
Олон улсад энэ талаар судалгаанууд байдаг болов уу
Одоогоор дэлхий дахинд вакцинжуулалттай холбоотой судалгаанууд эрүүл мэндийн чиглэл тус бүрт хийгдэж байгаа боловч дагаж судлах хугацаа богино, судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо цөөн байна.
Олон улсын судалгааны үр дүнгүүдээс нэгтгэж харахад:
- Вакцины дараах биений юмны алдагдал богино хугацаанд илрэх боломжтой ба дунджаар 3 сарын дараа тогтворжиж байна.
- Өндгөн эс гадагшлах өдөр вакцин хийлгэсэн бол эмэгтэйчүүдийн архаг үрэвсэл дахих, биений юм өвдөлттэй ирэх шинжүүд илэрч байна.
- Оксфордын их сургуулийн мэдээлснээр жирэмсэн эмэгтэйд Phizer вакцин хийж болох ба, вакцинтай холбоотоогойр жирэмсэн эмэгтэйд зулбалт үүсэх эрсдэл бага байна.