Жирэмсэн гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Огноо: 2019-03-07       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт, жирэмслэлтийн шинж тэмдэг өөр өөр байдаг. Таны сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаас 1-2 долоо хоног өнгөртөл жирэмсний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болдог. Мөн сарын тэмдэг үзэгдээд өнгөрсөн ч жирэмсэн болсон байж болдог ажээ. Гэсэн ч жирэмслэлтийн нийтлэг шинж тэмдэг бүсгүйчүүдэд тохиолддог байна. Жирэмсэн болсон эсэхээ тестээр үзэж мөн шууд эхо-д харуулж болно. Гэвч тест нь үр тогтсоноос 10 хоногийн дараа, эхо нь 21 хоногийн дараа л мэдэгдэж эхэлдэг байна. Иймд энэ хугацаанд жирэмсэн болсон үгүйг тодорхойлж болох хэдэн зөвлөмж хүргье.

Жирэмсэн болсон байж магадгүй 10 шинж

Хөх эмзэг болж томрох

Жирэмсний эрт үеийн шинжүүдийн нэг бол дааврын түвшин ихсэний улмаас хөх мэдрэг, хөндүүр болох шинж юм. Жирэмсний үед хөх хөндүүрлэх нь сарын тэмдэг үзэгдэхийн өмнөхөн хөх эмзэглэхтэй төстэй байдаг. Энэ таагүй мэдрэмж жирэмсний эхний гурван сарын дараагаар таны бие дааврын өөрчлөлтөд дасан зохицсонтой холбоотойгоор багасдаг.

Амархан ядрах

Гэнэт ядарснаа мэдэрч байна уу? Та үнэхээр их ажил хийсэн үү? Үгүй тэгж их ядрахаар зүйл хийгээгүй байж болно. Жирэмсний эрт үед амархан ядрах, нойрмог байдал үүсэх нь прогестрон дааврын түвшин хурдан нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг. Жирэмсний хоёр дах гурван сард энэ үеэс илүү эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төрдөг боловч жирэмсний сүүлийн хугацаанд биеийн ачаалал илүү нэмэгдэх болон унтахад бэрхшээлтэй болох зэрэг таагүй байдлуудаас болоод амархан ядрах байдал эргээд үүсдэг.

Хөврөл эс бэхлэгдэх үеийн цус гаралт

Зарим эмэгтэйчүүд үр тогтсоны дараах 11-12 дах хоногт үтрээнээс бага зэрэг цус гарах шинж тэмдэг илэрдэг. Энэ цус гаралт үр тогтсон өндгөн эс цусны судсаар баялаг умайн дотор хананд шигдэн орсны улмаас үүсдэг гэж үздэг. Энэ үед гарч байгаа цусны өнгө цайвар байдаг бөгөөд баг хэмжээтэй үзэгддэг.

Дотор муухайрах ба бөөлжих

Жирэмсэн болсны дараагаар зарим эмэгтэйчүүдэд дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. Энэ шинж тэмдэг үр тогтсоны дараах сард ихэвчлэн илэрдэг бөгөөд өглөө, өдөр, орой хэдийд ч тохиолдож болно. Дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан эмэгтэйчүүдийн бараг тал хувьд жирэмсний хоёр дахь гурван сар эхлэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг байна. Харин зарим хэсэгт дараагийн сарууд үргэлжлэн илэрч болох боловч харьцангуй хөнгөн хэлбэртэй болдог.

Үнэрт мэдрэг болох

Хэрэв та саяхан жирэмсэн болсон бол сэндвичийн хиам болон коффений үнэр зэрэг нь эвгүй мэдрэмж төрүүлж огиулах нь элбэг тохиолдоно. Энэ нь жирэмсэн болсны улмаас эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг юм. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.

Гэдэс дүүрэх

Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болдог. Жирэмсний маш эрт хугацаанд умайн хэмжээ томорч мэдэгдээгүй байхад таны хувцас хэвлий хэсгээрээ яагаад багтахгүй болоод байна вэ? Үүнийг гэдэс дүүрэхтэй холбон тайлбарладаг.

Шээс ойрхон хүрэх

Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад? Учир нь жирэмсний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмжээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг. Энэ шинж тэмдэг жирэмсний зургаа дах долоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд умайн хэмжээ томорч давсганд даралт учруулснаар улам тод илэрдэг.

Биеийн юм хоригдох

Хэрэв таны биеийн юм тогтмол ирдэг боловч хугацаандаа ирэхгүй, мөн дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл жирэмсний тест үзэх хэрэгтэй. Хэрэв таны биеийн юм тогтмол ирдэггүй эсвэл хугацаа болоогүй байхад дотор муухайрах, хөх эмзэг болж томрох, шээс ойрхон хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл жирэмсэн болсон байж магадгүй байдаг.

Биеийн суурь халуун өндөр болох

Хэрэв та биеийн суурь халууны хэмжээг байнга тэмдэглэж байдаг бол биеийн юмны мөчлөгийн 18 дахь хоног орчмоос өндөр болбол та жирэмсэн болсон байж магадгүй.

Баталгаатай шинж: Жирэмсний тест эерэг гарах

Хэдийгээр жирэмсэн болсон ч гэсэн биеийн юм хоригдсоны дараах долоо хоног хүртэл жирэмсний тест сөрөг гарч болно. Иймд жирэмсний тестийг хэд хоногийн дараа дахин үзэх хэрэгтэй.

Хэрэв жирэмсний тестийн хариу эерэг гарвал эмчид хандаарай.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 267
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг