Үтрээний ялгарал ихсэх хам шинж

Огноо: 2019-03-07       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан:    


Тодорхойлолт: Үтрээнээс тодорхой хэмжээний ялгарал гарах нь ихэнхдээ хэвийн үзэгдэл байдаг. Бэлгийн замаар дамжих халдвар болон үрэвслийн үед үтрээний ялгарал өөрчлөгдөж болно.


Үтрээний хэвийн ялгарал

  • Салиархаг, бага хэмжээтэй, үнэргүй, сүүрхэг цайвар өнгөтэй байна.
  • Ялгаралд үтрээний салстаас гуужсан эсүүд, үтрээнд амьдардаг зарим нянгууд, сүүний бактерууд агуулагдах ба pн 3.5-4.5 байна.
  • Ялгарлын хэмжээ БЮМ-ийн дунд үед, жирэмсэн үед, бэлгийн хавтлын дараа бага зэрэг ихэсч болно.

Үтрээний ялгарлын хэмжээ ихэсч, эвгүй үнэртэй, шар эсвэл ногоовтор өнгөтэй болж, бэлгийн уруул, үтрээ орчмын салстыг цочроож өвдөлт, загатналт үүсгэх тохиолдолд хэвийн биш гэж үзнэ.

Хэвийн биш ялгарал

  • Ихэвчлэн мөөгөнцөр, трихомониаз, нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед гардаг ба эмэгтэйд тавгүй байдал бий болгоно. Эрсдэлтэй бүлгийн эмэгтэйчүүдэд БЗХӨ-ний халдвар байж магадгүйг анхаарах хэрэгтэй.
  • Зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө БЗХӨ-өөр өвчилсөн байж магадгүй гэж бодож үтрээнээс ялгарал гарлаа гэж зовуурилдаг.
  • Цэвэршилтийн дараах насны ихэнх эмэгтэйчүүдэд үтрээнээс ялгарал гарах нь ихэвчлэн хавдар,үрэвслийн үед ажиглагдана.
  • Биений юм ирээгүй бага насны охидод үтрээнээс ялгарал гарах нь үтрээнд гадны биет орсон, гэдэсний халдвар авсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй холбоотой байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
  • Зарим тохиолдолд эмэгтэйчүүд хэвийн биш ялгарлыг үл тоон эмнэлэгт хандахгүй удсанаас үрэвсэл архагших нь олонтоо ажиглагддаг.
  • Хэвийн биш ялгарлыг нөхцөлдүүлж байгаа үтрээ, умайн хүзүүний архаг үрэвслийг эмчлэхгүй удаах нь умайн хүзүүний өмөнгийн урьдалд хүргэж болзошгүй.
  • Харин жирэмсэн үед хэвийн биш ялгарал нь ургийн халдвар, ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах болон төрсний дараа умайн салст үрэвсэх нөхцөл болно.


Хийгдэх шинжилгээ

• Мазок буюу наац бэлтгэн нян харах

• PCR өсгөвөрлөх шинжилгээ хийгдэнэ.

Зовуурь илэрвэл эмчид яаралтай хандаарай. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 283
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг