Овуляцийн тест буюу өндгөн эс ялгарах хугацааг тодорхойлогч тест

Огноо: 2019-03-07       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан:    


Шар биеийн даавар буюу LH дааврын хэмжээ цусанд нэмэгдсээр өндгөвчнөөс өндгөн эс буюу эм бэлгийн эс ялгарч гарахыг овуляци гэж нэрлэдэг. Ер нь бол энгийн үед ч энэ даавар цусанд бага хэмжээгээр ялгарч байдаг ба тус даавар биений юмны мөчлөгийн дунд үед ихсэж өндгөн эс боловсрон өндгөвчнөөс гарах процессыг дэмжиж өгдөг.

Тус даавар нэмэгдэж эхэлснээс хойш 36 цагийн дотор овуляци явагдана гэж үздэг ба энэ үе жирэмслэх боломжтой үе юм.

Энэхүү тестийг хэрэглэснээр биений юмны мөчлөгийн аль үед жирэмслэх боломжтойгоо тогтоон, тухайн үед тааруулан бэлгийн харьцаанд орсноор амжилттай жирэмслэх боломжийг нэмэгдүүлдэг. Жирэмсний тест нь шээсэн дэх хорион гонадотропин хэмээх дааврын хэмжээг мэдэрч өнгөний өөрчлөлт өгдөг бол овуляцийн тест нь шээсэнд дэх шар биеийн дааврын хэмжээг мэдэрч өнгөний өөрчлөлт өгдөг.

Уг тестээр үзэхийн тулд өдөр бүр яг нэг цагтаа шээсэндээ дүрж үзнэ. Шээсээ цэвэрхэн, хуурай саванд авч тестээ дүрж үзнэ. Ихэнх эмч нар өглөөний өлөн шээсэндээ дүрж үзээрэй гэдэг хэдий ч өглөөгүүр шар биеийн дааврын хэмжээ тестээр илрэхүйц хэмжээнд хараахан хүрээгүй байдаг юм байна. Тестээр үзэх тохиромжтой цагийг 10-20 цагийн хооронд гэдэг бөгөөд ялангуяа 14 цаг хамгийн тохиромжтой цаг байж болно гэж үздэг. Тестээр үзэхээсээ ойролцоогоор 2 цагийн өмнө шингэн юм уухаа түр завсарлана, Эсвэл уух шингэнийхээ хэмжээг нь багасгах хэрэгтэй. Хэт их шингэн уучихвал хариу буруу гарах магадлалтай. Хариугаа 5-10 минутаас хэтрэлгүй уншина. 2 зураас гарвал өндгөн эс ялгарах гэж байна гэсэн үг. 10 минутаас хэтэрсэн тохиолдолд хуурамч 2 дахь зураас гарах тохиолдол бий.

Ихэнх бүсгүйчүүдийн биений юмны мөчлөгийн хугацаа 21-35 хоног байдаг. Та эдгээрээс нэг өдрийг сонгон тестээ ашиглах ёстой. Биений юмны мөчлөгийг цус үзэгдэж эхэлсэн өдрөөс тооцон дараагийн биений юмны эхний өдөр хүртэл тоолж таны биений юмны мөчлөгийн эргэлтийн хоногийг тодорхойлно. Биений юмны мөчлөгөөсөө хамааран дараах өдрүүдэд овуляцийн тестээ үзэж болно.

Хэрэв энэхүү мөчлөгийн уртын хугацаа сар бүр хэдэн өдрөөр зөрдөг бол сүүлийн 6 сарынхаа мөчлөгийн дундаж тоогоор мөчлөгийн хугацаагаа тодорхойлоорой. Мөчлөг-Овуляцийн тестээр үзэж эхлэх өдөр (сарын тэмдэг ирсэн өдрөө 1 гэж тоолоод)

Эмч мэргэжилтнүүд 12 цаг тутамд тестээр үзэхийг санал болгож байна. Овуляцийн тест эерэг гарснаас 12 цагийн дараагаас өндгөн эс боловсрох үйл явц эхэлдэг аж. Тиймээс та 24 цаг гэж алгуурлаад байвал үлдсэн 12 цагт гарах боломжуудыг алдаж мэдэх юм. Тест эерэг гартал өдөр бүр үзсэнээр өндгөн эс ялгарах үеийг “барьж” авахад илүү хялбар болно.

Тестийг эерэг хариу гарахгүй байж болох зарим тохиолдлууд байна.

1. Тухайн эмэгтэйн онцлогоос хамаарч жилийн зарим саруудад овуляци болдоггүй байж болно.

2. Цэвэршсэн, жирэмсэн, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж байгаа үед сөрөг гарна.

3. Мөн хорион гонадотропин даавар агуулсан эм болон кломифен ууж байгаа тохиолдолд тестийн хариунд өөрчлөлт үзүүлэх тохиолдол бас байна. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 241
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг