Жирэмслэлт ба цус багадалт түүнээс хэрхэн сэргийлэх

Огноо: 2018-03-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Цус багадалтыг үүсгэх шалтгаан олон янз байдаг боловч бүх төрлийн цус багадалтын 80-90% нь хоол хүнсэнд төмөр дутсанаас хамааран шалтгаалсан байдаг. Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй.

Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядрах, бие сульдах, залхуу хүрэх, уцаартай болох, толгой эргэх, өвдөх, анхаарал төвлөрөлт муудах, царай цонхигор, байнга даардаг, амьсгаа давчдах, халдвар амархан авах, судасны цохилт түргэсэх зэрэг зовуурь илэрдэг.

Төмөр дутлын цус багадалтын шалтгаан

  • Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/
  • Ходоод гэдсэнд төмрийн шимэгдэлт муудсанаас
  • Төмөр биеээс их хэмжээгээр, эсвэл багаар боловч удаан хугацаагаар алдагдсанаас
  • Цус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний шарх, аспирин зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м./
  • Физиологийн онцлогоос (Жирэмслэлт, хүүхэд, төмрийн нөөц багатай төрөх)
  • Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед

Жирэмсэн эхийн цусан дахь гемоглобины хэмжээ 110 г/л түүнээс доош болохыг цус багадалт гэж үзнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 90% д нь төмөр дутагдлын цус багадалт тохиолддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн 21-80% төмөр дутагдлын цус багадалттай байдаг байна. Төмөр дутагдлын цус багадалтын үед хөдөлмөрийн чадвар алдагдаж, ядарч сульдана, мөн амьдралын чухал олон эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдана. Цус багадалттай жирэмсэн эхчүүдэд жирэмсний явц болон төрөх үед хүндрэл гарах эрсдлийг нэмэгдүүлнэ. Хүний бие организмд 4 гр төмөр агуулагдах ба амьдралын чухал элементүүдийн нэг юм. Хүний бие махбодоос хоногт 2-3 мг төмөр ялгардаг.

Жирэмсэн биш үед хоногт 1.5 мг төмөр зарцуулдаг бол жирэмсэн үед эхний 3 сард 1 мг, 2 дахь 3 сард 2 мг, 3 дахь 3 сард 3-5 мг төмөр зарцуулдаг байна. Ийм учраас жирэмсэн үед 300-540 мг төмөр хэрэгтэй болдог байна. Үүний 250-300 мг нь ургийн өсөлт хөгжилтөд, 50-100 мг нь эхэст, 50 мг нь умайн булчинд хуримтлагддаг. Жирэмсний 16-20 долоо хоногтойд төмрийн зарцуулалт хамгийн өндөр байдаг. Яагаад гэвэл энэ үед урагт цус үүсэлтийн процесс явагдах ба жирэмсэн эмэгтэйн цусны масс нэмэгддэгтэй холбоотой юм. Төрөлтийн 3-р үед 200-700 мг, хөхүүл үед 200 мг төмөр зарцуулагддаг.

Жирэмсэн болон төрсний дараах үед эхийн биед байгаа төмрийн нөөцөөс 800-950 мг төмөр зарцуулагддаг байна. Бие махбодод төмрийн нөөц 4-5 жил хуримтлагдан бий болдог байна. Төмөр дутагдах нь олон төрсөн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.

Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй. Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн.

Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтаас хамгаална.

Түүнчлэн С амин дэм төмрийн шимэгдэлтэд тустай байдаг тул төмөр ихтэй хүнсийг апельсин, лимон зэрэг бэрсүүт жимс, помидор, хальстай төмстэй хамт идвэл сайн гэж зөвлөдөг. Гэхдээ ингэж хооллоод араас нь цай, кофе ууж болохгүй. Сүү мөн төмрийн шимэгдэлтэд саад болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Цайгаа, ялангуяа сүүтэй цайг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө эсвэл махтай хоолноос 2 цагийн дараа уух нь зөв юм байна.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1202511
Өнөөдрөөр : 556
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг