Үтрээний хэвийн бичил орчин гэж юу вэ?

Огноо: 2017-12-06       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй. Хэвийн үед үтрээний 1 грамм шүүрэлд 100000 орчим бактер байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай нян буюу лактобактери байдаг. Үтрээ бол хоол боловсруулах эрхтний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн бөгөөд тэдгээр биетүүд үтрээнд байрших нь үтрээнд өөрт нь ач холбогдолтой юм.

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:

  • Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.
  • Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална. (үтрээний орчин хүчиллэг орчныг бүрдүүлнэ)
  • Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна.
  • Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.
  • Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.

Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH3,8- 4.2) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовиур илэрнэ.

Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд:

  • Антибиотикийн зохисгүй хэрэглээ
  • Үтрээ угаах
  • Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.
  • Стресст өртөх
  • Дархлаа дарангуйлагдах
  • Дааврын өөрчлөлт

Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд илрэх шинж тэмдэг:

  • Үтрээнээс эвгүй үнэр гарах
  • Загатгах
  • Хорсох
  • Үтрээ хуурайших
  • Үтрээний шүүрэл ихсэх

Дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах нь зүйтэй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1420821
Өнөөдрөөр : 713
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг