Цэвэршилтийн насны таргалалт

Огноо: 2016-04-13       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн        Уншсан: 1976    


Эмэгтэйчүүд цэвэршилт дөхөх, дунд насандаа жин нэмэх нь түгээмэл ч, үүний шалтгаан нь зөвхөн цэвэршилтийн явц бус, цэвэршихэд хүргэдэг насжилт байдгийг олон оронд хийсэн судалгааны үр дүнгээс харж болно.

                     

Хөдөлгөөний ачааллын түвшин болон биеийн ерөнхий жин өөрчлөгдөлгүй хэвийн хэрнээ хэвлий орчимд өөхөн эд илүү хуримтлагдах нь цэвэрших явцад бэлгийн эстроген дааврын түвшин буурч байгаагийн шинж тэмдэг болдог. Биеийн өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгдсөнөөр таргалалт эршүүд хэлбэрээр явагдаж нийт таргалалтыг ч хурдасгах хандлагатай болгодог.

Цэвэршилтийн насны биеийн галбирын энэ өөрчлөлт илүүдэл жинтэй байтугай хэвийн жинтэй эмэгтэйчүүдэд ч яс үндэс харгалзахгүй явагддаг. Цэвэршилтийн дараах насанд өөхөн эд хэвлийд хуримтлагдах нь инсулинд тэсвэртэй болох гол хүчин зүйл болж, 2-р хэв шинжийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлж цаашид улмаар цусан дахь өөх тосны солилцооны өөрчлөлтөд нөлөөлж, нийт холестеролын хэмжээг ихэсгэн, бага нягтралтай холестерол (LDL)-ийн хэмжээг нэмэгдүүлж, их нягтралтай холестеролын (HDL)-ийн хэмжээ багасгахад хүргэдэг. Иймд цэвэршилтийн дараах насны хэвлий орчмын таргалалт нь инсулинд тэсвэртэй болгон 2-р хэв шинжийн чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, сэтгэцийн эмгэг, хөхний хорт хавдар зэрэг олон хүнд өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл нь болдгийг гоц анхааран таргалалтаас урьдчилан сэргийлэх зайлшгүй авах арга хэмжээ болгох нь зүйтэй.

Таргалалт бол дэлхийн хэмжээнд тулгамдаж буй нийгмийн асуудал байхын хамтаар ихэнх архаг өвчлөлийн эх суурь нь болдгоороо аюултай. Энэ нь зүрх судасны өвчин болон зүрхний хурц дутагдлын эндэгдэлд хүргэх аюултай. Онцлон тэмдэглэхэд, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн зүрхний шигдээсний гаралтай эндэгдэл ижил насны эрэгтэйчүүдээс 2 дахин өндөр байдаг. Цэвэршилтийн насанд эстроген дааврын дутагдлаас шалтгаалж өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгддөг бол эстроген дааврыг нөхөж өгснөөр таргалалтын асуудлыг шийдвэрлэх зам байдгийг анхаарах нь зүйтэй.

Таргалалттай эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд аль алинд нь бэлгийн дуршлын түвшинд нөлөөлдөг бэлгийн дааврыг холбогч глобулин (SHBG) уурагийн түвшин хэт багассан байдгийг судалгаагаар харагдсан бөгөөд бэлгийн сулрал болон цусанд SHBG глобулины түвшний өөрчлөлт нь 2-р хэв шинжийн чихрийн шижинг тодорхойлогч бие даасан үзүүлэлт болдог.

Цэвэршилтийн үед жин нэмэхтэй зэрэгцэн өөх тосноос задардаг адипонектин, адипокин зэрэг уургийн нийлэгжил багасна. Клиникийн нөхцөлд сийвэнгийн адипонектиний хэмжээ багасах нь зүрх судасны өвчин, инсулинд тэсвэртэй байдлын үүдэлтэй чихрийн шижин болон бодисын солилцооны эмгэг үүсэх клиник эмнэлзүйн явцад биологийн урвалд шаардагдах адинопектин уургийн цусны сийвэнгийн түвшин багассан байдаг. Уг адинопектин болон адипокин уурагийн хэмжээ багасахад цэвэршилтийн насныханы таргалалтанд ихээр нөлөөлдөг.

Хавдрын улмаас нас барсан 3 тохиолдлын 1 нь илүүдэл жин, буруу хооллолт болон хөдөлгөөний хомсдолтой холбоотой байдаг. Амьдралын буруу хэв маягаас үүдсэн эдгээр эрсдэлт хүчин зүйлс дотроос илүүдэл жин хавдар үүсгэдэг талаарх баримт нотолгоо их байдаг. Илүүдэл жин нь хавдрын нас баралтын 5 тохиолдлын 1-ийн шалтгаан болдог.
Илүүдэл жин, таргалалт нь олон төрлийн хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхой, ялангуяа:

  • Хөхний (цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд)
  • Бүдүүн, шулуун гэдэсний
  • Умайн (эндометрийн)
  • Улаан хоолойн
  • Бөөрний
  • Нойр булчирхайн

Илүүдэл, таргалалт нь дараах төрлийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой.

  • Цөсний хүүдий
  • Элэг
  • Ходжкины бус лимфом
  • Малтипл миелом
  • Умайн хүзүү
  • Өндгөвч
  • Түрүү булчирхай

Түүнээс гадна гэдэсний өөх ихтэй (бүсэлхийн тойрог томтой) тохиолдолд, биеийн жингээс үл хамааран бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг бөгөөд нойр булчирхай, умай, хөхний хавдар (цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд) үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй юм.
Түүнээс гадна таргалсан цаг хугацаа нөлөө үзүүлж болзошгүй юм. Хүүхэд нас, залуу насандаа таргалах нь хожим таргалахаас илүүтэйгээр хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Тухайлбал, өсвөр насандаа таргалсан охидуудад (насанд хүрсэн хойноо таргалсан биш) цэвэрших наснаас өмнө өндгөвчний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг.

Биеийн илүүдэл жин нь хэрхэн хавдар үүсэх эрсдэлд нөлөөлдөг вэ?

Илүүдэл жин нь хэд хэдэн арга замаар хавдар үүсгэх эрсдэлд нөлөөлдөг.  Биеийн илүүдэл өөх нь дараах үйл ажиллагаанд нөлөөлдөг.

  • Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, үрэвсэл
  • Инсулин, эстроген гэх мэт дааврын түвшин
  • Инсулин төст өсөлтийн фактор гэх мэт эсийн өсөлтийг зохицуулагч факторууд (IGF-1)
  • Бие махбодийн зарим нэг дааврын ашиглалтад нөлөөлдөг уургууд

Сүүлийн жилүүдэд жин хаяснаар хөхний хавдар (цэвэршилтийн дараах үед), түрүү булчирхайн хавдар болон бусад төрлийн хавдрын эрсдэлийг бууруулдаг талаар олон тооны нотолгоо гарч байна.
Жин хаях үед гарч болох биеийн өөрчлөлтүүд нь хавдрын эрсдэлийг бууруулахад нөлөөлж байж болзошгүй юм. Тухайлбал, илүүдэл жин, таргалалттай хүмүүс турж жингээ хаях үед инсулин, эстроген, андроген гэх мэт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг даавруудын хэмжээ багасч байдаг байна.

Таргалалт үүсэхээс хамгаалахын тулд хоол хүнсээр авдаг илчлэгийн хэмжээг бодисын солилцоонд шаардагдах илчлэгийн хэмжээнээс хэтрүүлдэггүй байх зарчмыг олон нийтэд танилцуулдаг байх нь зүйтэй.
Жин хасах болон хавдрын хоорондын хамаарлыг нарийн судлах шаардлагатай байгаа хэдий ч, илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүст жингээ хаях талаар зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай юм. Жин хаях нь зөвхөн хавдрын эрсдэлийг бууруулаад зогсохгүй, бусад төрлийн эрүүл мэндийн ач тустай, тухайлбал, зүрх судас, чихрийн шижингийн эрсдэлийг бас бууруулдаг.

Бага ч атугай жин хаях нь эрүүл мэндэд маш чухал бөгөөд том зорилгын эхлэл болдог юм. Үүний хажуугаар, орчин цагт эмэгтэйчүүд дунд насанд илүүтэйгээр таргалалахад эрт гэрлэх, олон хүүхэд төрүүлэх, таргалалтын гэр бүлийн түүхтэй байх, шөнийн ээлжийн ажил эрхлэх, стрессийн ачааллаас нойргүйдэх, сэтгэл гутрал болон сэтгэцийн эм бэлдмэл хэрэглэх зэрэг хүчин зүйлүүд ихээр нөлөөлнө.

Таргалалтыг эмнэлгийн анхан шатны үйлчилгээний хүрээнд хоолны илчлэгийг задлах биеийн тамирын дасгал, илчлэг тооцох хоолны дэглэмийн сургалт, эмийн эмчилгээ, өөхлөлтийг мэс ажиллавраар багасгах зэрэг олон хэлбэрийн оролцоогоор зохион байгуулж болно.

Зүү тавих, иогийн дасгал, ургамлын бэлдмэл зэрэг уламжлалт болон нэмэлт эмчилгээний аргуудаас илүүдэл жингээ хасах аргачлалыг танилцуулах зэрэг шинэ арга барилыг саяхнаас өргөн хүрээтэй хэрэглэдэг болоод байна.

Хоол хүнсэндээ:

  • Ногоон навчит төрлийн ургамал брокколи, хэрээ нүд, цэцэгт байцаа, бууцай, хурган байцаа, навчит цоохор майлз, чихрийн манжин, навчит байцаа, цагаан болон улаан лууван зэргийг өдөрт 2-3 удаа ойролцоогоор 75 гр, цитрусийн төрлийн жимс өдөрт нэг удаа, эсвэл 175 мл жимсний цэвэр шүүсийг нь уух нь биеэс илүүдэл эстрогенийг гадагшлуулна.
  • Шингэц удаантай ширхэглэг төрлийн хоол хэрэглэх нь мөн илүүдэл эстрогенийг өөртөө шингээж биеэс гадагшлуулна. Үүнд: бүдүүн ширхэгтэй гурил, арвай, хивэгт цагаан будаа, овьёос, улаан буудайн хивэг, үр тариа, өргөст хэмх, хулуу, улаан лооль зэрэг.
  • Хооллох бүртээ уураг орсон бүтээгдэхүүн багаар хэрэглэх нь өлсөх мэдрэмжийг дарангуйлж дэглэм барихад тусална.
  • Кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх-тараг, бяслаг, жигнэсэн шош, өрмийг нь авсан сүү, алмонд самар г.м
  • Хоол хүнсэндээ ургамлын тосны оронд оливийн тос хэрэглэж занших.


Стрессээс хол байж, тайван байх, сайн унтаж амарч байх нь стрессийн даавар гэж нэрлэгдэх кортизол даавар нь бэлхүүс орчимд их хэмжээний өөх тос, глюкоз хуримтлагдахаас сэргийлж чадна.

Сүүлд хийгдсэн олон тооны харьцуулсан түүвэр судалгаагаар цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээ нь хэвлий орчмын таргалалтыг бууруулж, инсулинд мэдрэг байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг харуулсан байна.

Байнгын дасгал хөдөлгөөн нь биеийн жинг бууруулах, дахин нэмэхгүй байх, амьдралын идэвх нэмэгдэх, эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, үе мөчний шохойжилтоос сэргийлж чадна. Жишээ нь: Йог, пилатес дасгал, хэвлийн булчингийн дасгалууд, жинтэй штанг, туухай олон давтамжтай өргөх, штангтай суулт хийх, алхах, хөнгөн аэробик, бүжгийн спортоор хичээллэх зэрэг орно.

Нийгмийн бага орлоготой бүлгийн эмэгтэйчүүдийн илүүдэл жингийн улмаас 2-р хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх илүү эрсдэлтэй болсон байдаг. Таргалалттай тэмцэж, урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол амьдралын хэв маягийн зохицуулалт юм.






Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1988959
Өнөөдрөөр : 1631
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг