Жирэмсэн үеийн дэглэм 2

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2379    


Жирэмслэлт ба эрүүл ахуй

Жирэмсэн үед биеэр эргэлдэх цусны хэмжээ ихэссэнээс хөлрөх, үтрээний ялгадас нэмэгдэх ба үүнийг дагаж та өөртөө тавих эрүүл ахуйн дэглэмээ сайжруулах ёстой. Өдөр бүр тогтмол усанд орж хөвөн даавуун эдээр хийсэн хувцас өмсөх, дотуур хувцсыг өдөр бүр солих нь зүйтэй.

Жирэмслэлт ба бэлгийн харилцаа

Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа юм. Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртэй хандаж чаддаггүй тохиолдол байдаг бөгөөд магадгүй үүндээ эхнэр тань санаа зовж яваа байх. Жирэмсний эхний саруудад эмчийн зөвлөснөөр заавал хориглох шалтгаан "өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан гэх мэт" байхгүй жирэмслэлт хэвийн, ямар нэг хүндрэлгүй явагдаж байвал бэлгийн хэвийн амьдралаас татгалзах шаардлагагүй. Өмнөх жирэмслэлтийн үед зулбадаг гэх мэт ужиг зуршилтай эмэгтэйчүүд жирэмсний эрт хугацаанд бэлгийн хавьтал үйлдэж хэрхэвч болохгүй. Харин жирэмсний тээлтийн сүүлчийн сард бэлгийн харилцаанд орох үед умайн булчин агших талтай гэдгийг анхаар. Энэхүү агшилтыг Брекстон Гиксын агшилт гэх бөгөөд жирэмсний хугацаа ихсэхийн хирээр улам тодорхой мэдэгдэнэ. Умайн хана хатуурч овойж байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрч болно. Бэлгийн хавьтлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдрэгдээд байвал агшилт сулартал тайван хэвтэх хэрэгтэй. Таны бэлгийн сонирхол жирэмсний явцад биед тань үүсч байгаа нэмэгдэл дааврын нөлөөгөөр байнга хувирсаар байх болно. Мөн хэвлий томрохын хирээр бэлгийн ажил хийх байрлалаа ч эвтэйхэн болгож өөрчлөх шаардлага гарах байх. Та бэлгийн хавьтал хийхдээ хэвийнхээсээ илүү ядрах, сэтгэл хөдлөл ихтэй байж болох бөгөөд эр нөхөрт тань ч жирэмсэн үеийн бэлгийн харилцаа зарим талаараа хэцүү мэт санагдаж магадгүй. Тиймээс та хоёр бие биендээ амрах боломж олгож, аливаа бэрхшээлтэй асуудлыг хамтран ярилцаж шийдэж байгаарай.

Жирэмслэлт ба хувцаслалт

Би л жирэмсэн гээд хаа хамаагүй, уут сав мэт хувцас өмсөх нь зохимжгүй. Харин ч өөрийн хэв маягаа өөрчлөх сайхан боломж гарсанд олзуурхах нь зөв. Жирэмсэн үед биеэр эргэлдэх цусны хэмжээ ихэссэнээс хөлрөх, үтрээний ялгадас нэмэгдэх ба үүнийг дагаж та өөртөө тавих эрүүл ахуйн дэглэмээ сайжруулах ёстой. Өдөр бүр тогтмол усанд орж хөвөн даавуун эдээр хийсэн хувцас өмсөж, дотуур хувцсаа өдөр бүр солих нь хэрэгтэй. Бариу давчуу хувцас өмсөж, хүйтэнд даарч, халуунд хөлсөө урсгаж явах нь давхар биетэй хүнд үнэхээр тээртэй нь ойлгомжтой тул хувцсыг сонгохдоо өөрийн биед эвтэйхэн, хөнгөхөн, хэт халууцуулахааргүй, эсвэл дааруулахааргүй байх хэрэгтэй. Хувцас нь нейлон эдээр хийсэн биш даавуун байх, харин бэлхүүсээр бага зэрэг сунадаг юмуу сул байх хэрэгтэй. Дээл хантааз, бэлхүүсээрээ чөлөөтэй богино цамц, мөрөвчтэй өмд, даашинз тохиромжтой. Гутлыг сонгохдоо чийг татахгүй, намхан ултай, хөлөнд эвтэйхнийг нь сонгоорой. Хөлийн хэмжээ нь жин нэмж, хүүхэд томрох тусам бага зэрэг палбийж, өргөсөх тул хуучнаасаа 1-1,5 размер том байхаар тооцож аваарай. Хэт бариу гутал хөлийн булчин судсыг дарж, цусны эргэлтийг хаагдуулна. Гутал нь зөөлөн арьс, чийг татахгүй материалаар хийгдсэн байвал зохимжтой. Хөхний даруулгыг жирэмсний бүхий л үелд өмсөх ба төрөлт ойртох тусам хөхний хэмжээ томорч, хатуу чанга болж ирдэг тул 2-3 ширхэг том хэмжээний хөхний даруулгатай байх хэрэгтэй. Хөхний даруулганы хэмжээ биед таарсан, угааж цэвэрлэхэд хялбар, цайвар өнгөтэй байвал зүгээр. Хүүхдийг төрсний дараа хөхүүлэхэд хялбар, нээгддэг даруулга сонгоорой.

Жирэмслэлт ба дасгал

Жирэмсэн үед биеийн тамирын дасгалуудыг тогтмол хийвэл төрсний дараа таны бие махбод эргээд хэвийн байдалд орно. Та эмчтэйгээ зөвлөлдөж өөрт тохирсон биеийн тамирын дасгал хийж, сэтгэл санаагаар өөдрөг байж, өөрийгөө төрөлтөнд бэлтгэж, биеийн жинг хэт нэмэхээс сэргийлж чадна. Дасгалыг дулаан, агаар сайтай газар дэвcгэр дээр хийх хэрэгтэй. Чөлөөтэй хөдөлж болохуйц, агаар нэвтрэх хөвөн даавуун хувцас сонго. Дасгал хийхдээ богино оймс өмсөх эсвэл хөл нүцгэн хийвэл зүгээр. Нуруугаа үргэлж цэх байлгахыг хичээ. Хэрэв шаардлагатай бол нуруундаа түшиг болгохын тулд хана, сандал налж болно. Хөдөлгөөнөө удаан, зөөлөн бөгөөд тайвнаар хий. Хэрэв та ямар нэгэн өвдөлт, эвгүй байдал мэдэрч ядарвал амарч завсарлаарай. Амьсгалаа зөв хуваарилахаа бүү мартаарай. Буруу амьсгалж, хэт их ачаалалтай дасгал хийвэл урагт хүчилтөрөгч дутагдаж болзошгүй. Хөлийн өлмийг хэт бүү хүчилж чангалаарай. Шөрмөс татахаас сэргийлэхийн тулд хөлийн улыг сул хөдөлгөөнтэй байлгах нь зөв.



Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2243705
Өнөөдрөөр : 1067
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг