Сар бүр, ойролцоогоор биений юмны мөчлөгийн дунд хугацаанд өндгөвчинд нэг буюу эсхүл маш ховор тохиолдолд хэд хэдэн өндгөн эс нь умайн үр дамжуулах хоолойгоор дамжин умайд орно. Өндгөвчнөөс гадагшилсны дараа эм бэлгийн эс 24 цагийн турш амьдрах чадвартай. Энэ 24 цагийн дотор л эм бэлгийн эс илүүтэйгээр үр тогтдог гэдгийг жирэмслэхийг хүсэж буй эмэгтэйчүүд мэдэхэд илүүдэхгүй. Эм бэлгийн эс гадагшилсны дараахан эсвэл гадагшилахын өмнөх үеийн жирэмсэлж болохуйц илүү тааламжтай хугацаа байдаг. Энэ үед эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсон байвал өндгөн эс нь эр бэлгийн эстэй нийлж үр тогтоно. Үр тогтсон өндгөн эс цаашид умайн хананд бэхлэгдэж хөгжсөнөөр эмэгтэй жирэмсэн болно.
Та жирэмсэн болсноо яаж мэдэх вэ?
Хэрвээ та жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй, биений юм өмнө нь тогтвортой, хэвийн ирдэг байсан бол биений юм хугацаандаа ирэхгүй байх нь жирэмсэлсний шинж байж болно. Мэдээж биений юм ирэхгүй саатаж эхлэхэд та эргэлзэж эхэлнэ. Энэ нь жирэмсэн болсны үндсэн шинж тэмдэг мөн боловч зарим халдварт өвчин, тураал, жирэмсэлэхээс сэргийлэх тариа, суулгац болон сэтгэл санааны цочрол зэргээс үүдэн биений юм ирэхгүй байж болно.
Цөөн тохиолдолд жирэмсэлсэн эмэгтэйд эхний 2-3 сард биений юм ирсээр байх нь бий.
Жирэмсэн болсон үед дааврын өөрчлөлтөөс хамааран дараах шинж тэмдэг илэрч болно.
-
Өдрийн аль ч үед хамаагүй дотор муухайрах, бөөлжис цутгах
- Шорвог, давслаг, гашуун идээнд дуртай болно.
- Аманд төмөр, эвгүй амт мэдрэгдэх
- Хөх хатуурч чинэрэх, томрох, эмзэглэлтэй болох
-
Ойр ойрхон шээс хүрэх
-
Гэнэт маш ихээр ядарч сульдах
- Үтрээнээс гарах ялгадас ихсэх
-
Зан ааш тогтворгүй болох
-
Ядарч, нойр хүрэх
- Зарим төрлийн хоолонд дургүй болох, хоолны үнэр эвгүй санагдах
-
Сэтгэл санаа тайван биш, уцаарламтгай болох зэрэг
Гэрийн нөхцөлд жирэмсэн эсэхийг тодорхойлох нь: Үүний тулд жирэмсний тест хэрэглэдэг.
Энэ нь манай эмийн сангуудад зарагддаг жирэмсэн эсэхийг шалгадаг нарийн туузан цаас юм. Энэхүү тестийг 2 өдөр дараалан өглөөний өлөн шээсэндээ (аргачлалын дагуу ) шинжилж үздэг. Дээрх шинжилгээ 95%- ийн найдвартай. Жирэмсэлсэн үед тест хоёр зураастай гардаг. Хэрвээ та жирэмсэн болсноо бататгахыг хүсвэл эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэх нь зүйтэй.