Жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3491    


Жирэмсэн байх хугацаандаа та харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн эмчийн хяналтанд байх ёстой. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв та жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.

Жирэмсний хяналтанд эрт орсноор:

  • Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.
  • Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
  • Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
  • Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.

Та ямар шинжилгээ өгөх вэ?

Эмнэлэгт таны өндөр, жин, цусны даралт, биеийн ерөнхий байдлыг үзэж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, судасны цус, үрээний наац буюу мозокын шинжилгээ авна. Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж, ургийн өсөлтийг тодорхойлно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой. Жирэмсний хугацаанд биеийн жин 10 кг орчим буюу 7 хоног тутам 300-500 гр нэмэгддэг. Харин жирэмсний сүүлийн 3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь та болон таны хүүхдэд ноцтой аюул учруулахгүй.

Шээсний шинжилгээгээр сахарыг хэмжсэнээр чихрийн шижин өвчинг эрт илрүүлэх ач холбогдолтой ба хэрэв танд чихрийн шижин өвчин илэрвэл та дотрын эмчийн хяналтанд давхар байх хэрэгтэй. Уураг тодорхойлсноор бөөрний үйл ажиллагааг үнэлнэ.

Цусны шинжилгээгээр цус багадалт байгаа эсэх, үрэвсэл, элэг бөөрний үйл ажиллагаа, ДОХ-ийн шинжилгээ болон бусад үзүүлэлтүүдийг хянаж үздэг. Мөн жирэмсэн болон төрөх үед цус сэлбэх тохиолдол гарч болзошгүй тул цусны бүлгийг тодорхойлдог. Шаардлагтай бол эхийн резус сөрөг байгаа эсэхийг үзнэ. Цусны шинжилгээнд ямар ямар үзүүлэлтүүдийг үзэхийг тухайн хүний биеийн байдлаас хамаарч хийнэ.

Үтрээний наац буюу мозокоор үтрээний үрэвсэл, БЗХӨ-ийг илрүүлнэ. Дотуур болон гадуур үзлэгээр жирэмсний хугацаа, ургийн байрлалыг тодорхойлно.

Флюрография буюу цээжний рентген зургаар уушигний эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.

Эхогоор ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэх, гаж хөгжил байгаа эсэх болон ургийн ус, ихэс, хүйн байдалд үнэлгээ өгнө. Мөн дотор эрхтнүүдийн байдалд үнэлгээ өгнө.

Шүд, нүд, чих хамар хоолой, дотор, мэс засал, халдварт гээд бусад нарийн мэргэжлийн эмчид мөн үзүүлдэг. Дараагийн шинжилгээнүүдийг таны биеийн байдал, жирэмсний явцаас хамаарч хийнэ.

Дээрх шинжилгээгээр таны биеийн ерөнхий байдлыг дүгнэж, бөөр шээсний замын болон эмэгтэйчүүдийн өвчин, бэлгийн замын халдварууд, сүрьеэ болон бусад өвчнүүд байгаа эсэхийг тогтооно. Эдгээр эмгэгүүд жирэмсний болон төрөх үед хүндрэл үүсгэх аюултай байдаг. Иймээс та тухайн өвчнүүдийг аль болох эрт эмчлүүлэх нь чухал гэдгийг санана уу.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2243705
Өнөөдрөөр : 937
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг