Жирэмсэн үеийн дэглэм 1

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 732    


Жирэмслэлт ба ажил хөдөлмөр

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний амралт авах хүртлээ эрхэлж дассан ажлаа хийсээр байдаг. Харин гэртээ байж хүүхэд асардаг эхчүүд төрөх хүртлээ өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Гэтэл зарим үед жирэмсний эрт хугацаанд аливаа өвчний улмааас ядарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй болох тохиолдол гарч болно. Эх болон хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах дэглэмийг барих хэрэгтэй. Зөв хооллох дэглэмийг барих хэрэгтэй. Ажил эхлэхийн өмнө өглөө болгон хооллож бай. Тухайлбал талх, жигнэмэг, хүйтэн зууш зэргийг бэлтгэн идэж болно. Үдийн хоолны үеэр шинэ жимс, жимсгэнэ цагаан хоол идэхийг хичээгээрэй. Үдийн хоолны дараа түр зуур тайван сууж амрах хэрэгтэй. Хүний хөл хөдөлгөөн ихтэй цагаар гадуур явах нь тохиромжгүй. Ажилдаа ирэх буцах цагийг ажлын газрын удирдлагатайгаа тохирч хөдөлгөөн багатай цагт байхаар тохируулж болно. Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдээ асарч харах хүн олох хэрэгтэй. Жирэмсэн үед хүүхэд асарвал танд ачаалал ихэсч ядаргаанд орж болно. Гэр орныхоо ажлыг хэн нь юуг илүү хийж чаддагаараа хувааж хийх талаар нөхөртэйгээ зөвлөөрэй.

Жирэмслэлт ба амралт

Жирэмсэн үед химийн хортой болон цацраг идэвхт бодистой ажиллах нь таны болон ургийн эрүүл мэндэд хортой. Хэрэв та ийм нөхцөлд ажилладаг бол байгууллагынхаа захиргаанд хүсэлт тавьж, асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Та өдөрт 10-аас доошгүй цаг унтаж, өдөрт 1-2 цагаар цэвэр агаарт байвал таны болоод хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Амралтынхаа өдрүүдэд тайван дуу чимээгүй орчинд амрах хэрэгтэй. Хэрэв та гэртээ бага насны хүүхэд асардаг бол нөхөр, гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч, гэрийн хүнд ажлаас чөлөөлөгдөх нь чухал. Мөн хөдөлмөрийн хуулинд зааснаар жирэмсний, төрөхийн өмнөх амралтын хугацааг мэдэж зохих хугацаандаа амарч, төрөлтөнд бэлдэх хэрэгтэй. Жирэмсний эхний болон сүүлийн саруудад амархан ядрах талтай байдаг. Хэрэв ядраад байвал амарч байх хэрэгтэй.

Жирэмсний үеийн хооллолт

Таны хооллолт эрүүл хүүхэд төрүүлэх нэг гол үндэс юм. Жирэмсний үед та зөв хооллож, тэжээллэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл хэвлий дэх хүүхэд зөв хөгжиж, эрүүл төрнө. Хэрвээ та нэг хүүхэд тээж байгаа бол таны биеийн жин сард 1,3 кг-аас илүүгүй нэмэгдэх ёстой. Та үүнийг өөрөө хянаж биеийн жингээ хоол, хөдөлгөөний дэглэмээр зохицуулаарай.

Жирэмсний хугацаанд ямар төрлийн хоол хэрэглэх вэ?

  • Уураг - хүүхдийн эд, эрхтэн бүрэлдэх, булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.
  • Өөх тос - Жирэмсэн эхийн бүх эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгдэж, алдагдсан илчлэгийг хангах зорилгоор хэрэглэнэ. Амьтны гаралтай өөхийг бага хэрэглэж, ургамлын гаралтай тосыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй. Цөцгийн тос, ургамалын тос, самар бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.
  • Амин дэм эрдэс бодисууд - Биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, бодисын нарийн солилцоо, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэнэ. Амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан хүнс-Ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү, загас, цагаан идээ.
  • Төмөр-фолийн хүчил - Цусны бүтэц төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. Цус багадалтай эхчүүдэд жирэмсний хугацаанд болон төрөх үед нь хүндрэл элбэг тохиолддог. Иймээс хяналтын эмчээс төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг үнэгүй авч эмчийн зааврын дагуу заавал хэрэглээрэй.
  • Иод - Ургийн бие, тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Дутагдсан тохиолдолд хүүхэд оюуны хомсдолтой төрөх аюултай. Та хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр иод дутлын эмгэгээс сэргийлнэ. Жирэмсний 28 долоо хоногтойгоос эхлэн хоолонд хэрэглэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Жирэмслэлт ба тамхи, согтууруулах ундаа

Жирэмсэн үедээ та өөрөө тамхи татах эсвэл, тамхины утаатай орчинд байх нь хэвлийдээ байгаа ургийг зориудаар хордуулахтай адил юм. Мөн жирэмсэн үед архи болон бусад согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь чухал. Ингэснээр та архи, тамхины хор уршгаас хүүхдээ болон өөрийгөө хамгаалах болно. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 856749
Өнөөдрөөр : 48
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг